ТУРК: Барилга, дэд бүтцийг сэргээхэд 100 тэрбум доллар шаардлагатай
Хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн өмнөд, Сирийн хойд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, их хэмжээний гарз хохирол учруулаад буй. Энэхүү газар хөдлөлтийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 1939 оноос хойш тохиосон хамгийн том гамшиг гэж тодорхойлсон юм.
Тус газар хөдлөлтийн үеэр 25 мянга орчим барилга, байшин их бага хэмжээгээр сүйдсэн бөгөөд нурсан барилгыг шинээр барих, нураагүй үлдсэнг нь мөн нураах шаардлагатайг Туркийн орон сууц хөгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын холбооноос мэдээллээ. Урьдчилсан байдлаар нурсан барилга, дэд бүтцийг сэргээх, дахин төлөвлөлт хийхэд 100 тэрбум доллар хэрэгтэй гэж тооцжээ.
Нөгөө талаас Туркийн хөрөнгийн зах зээлд үзүүлж буй дэмжлэгийн ачаар компаниудын хувьцааны ханш өсөж, газар хөдлөлтийн дараах алдагдлаа тодорхой хэмжээнд нөхөөд байгаа юм. Тухайлбал “Borsa Istanbul 100 Index” 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Туркийн Төв банк лирагийн ханшийг дэмжихээр форвард хэлцлийн зардлын үнийг нэмэхийг арилжааны банкнуудаас хүсчээ.