В.Зеленский Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж энхийн саналыг нь хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. БНХАУ дайны галыг зогсоох 12 зүйл бүхий санал гаргасан нь Орос-Украины дайнд энхийн зуучлагчаар оролцох хүсэлтэй байгаагийнх нь дохио гэж Зеленский үзжээ.
Хятад улс Орост зэвсэг нийлүүлэхгүй гэдэгт бүрэн итгэхийг хүсэж байна гэдгээ Зеленский Киев хотод хийсэн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.
Хятадын санал болгосон төлөвлөгөөнд дайтагч талуудыг галаа зогсоож, яаралтай энхийн хэлэлцээ хийн, цөмийн станцуудын аюулгүй байдлыг хангахыг уриалсан юм.
Гэхдээ 12 зүйл бүхий баримт бичигт Оросыг Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах ёстой гэж тусгайлан заагаагүйгээс гадна нэг талын хориг арга хэмжээ авч байгааг буруушаасан нь барууны орнуудын эсрэг далд шүүмжлэл гэж шинжээчид үзэж байна. ОХУ БНХАУ-ын санал болгосон энхийн саналыг сайшаан хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.