С.Амарсайхан: МАН үнэлж байршгүй чухал үүрэг хүлээж, түүхэн үйл хэргийг бүтээж чадсан
Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан цахим хаягтаа дараах мэндчилгээг оруулжээ.
“Та бүхэндээ Эх орончдын өдрийн мэнд хүргэе. .
Тэртээ 102 жилийн өмнөх хуучин монголыг шинэ монгол болгож, хуучин хүүг бичиг үсэгтэй шинэ цагийн хүн болгон өөрчлөхөд улс төрийн ууган хүчний хувьд МАН үнэлж байршгүй чухал үүрэг хүлээж, түүхэн үйл хэргийг бүтээж чадсан юм.
Монгол Улс ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 32 жилд шинэ нийгмийн суурь өөрчлөлтүүдийг хийж чадсан. Одоо бид туулсан туршлага сургамжаа цэгнэн, цаашид нийгэм, эдийн засгийн тулгамдсан сорилтуудыг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгон, хөгжил дэвшлийн хурдыг түргэтгэх, хүний эрхийг ханган, шударга ёсыг бэхжүүлэх түүхэн цаг үеийн өмнө тулж ирээд байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай бид нүүр тулж, түүнийг даван туулж үзлээ. Цар тахал айл өрх бүрийн амьдралд нөлөөлөхийн зэрэгцээ бодож төлөвлөж байсан цөөнгүй ажлыг хойшлуулж, гацаасан хэдий ч улс оронд төдийгүй, хувь хүмүүсийн амьдралд олон сургамжийг үлдээж байна. Өнөөдөр бид хөгжлийнхөө бодлогыг дахин нягтлан тодорхойлох, эрэмбэлэх, цэгцлэх шинэ гараан дээр ирээд байна. Монгол Улсын эдийн засаг 10 улирлын дараа анх удаа цар тахлын өмнөх түвшинг давж, 2022 онд эдийн засгийн өсөлт 4 хувьд дөхөж очлоо. Хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн салбаруудын өсөлт сэргэж эхэлж байна.
Хаврын тэргүүн сарын шинийн 10-ний билэгт сайн энэ өдөр угтан золгоод буй Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Энх, Мөнх, Тунх гурав өнөд ивээж байхын ерөөлийг дэвшүүлье.
Монгол эх орон минь та бидний хөдөлмөр, зүтгэлийн үрээр өнөд мандаг бадраг.” гэв.