С.Эрдэнийн талын АН-ынхан Улсын дээд шүүхийн шүүгчдийг АТГ-т шалгуулна
С.Эрдэнийн талын АН-ынхан мэдээлэл хийв. Тэд уг мэдээллээрээ Улсын дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдэв. Тэдгээр иргэдийн төлөөлөл:
“Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчид албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж хардаж байгаа учир уг таамаг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаж байна. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэр Улстөрийн намын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Тиймээс уг зөрчилд нь тусдаа гомдол нэхэмжлэлээ гаргасан” гэв.
АН-ын маргаантай байгаа талууд нэгэн зэрэг хурлаа хийж, намын даргаар бүртгүүлэх хүмүүсийнхээ нэрийг улсын дээд шүүхэд хүргүүлсэн. С.Эрдэнийн талаас Д.Ганбатын нэрийг бүртгүүлэхээр хүргүүлсэн ч дээд шүүх шаардлага хангахгүй хэмээн үзэж, бүртгэж аваагүй. Харин О.Цогтгэрэлийн талаас Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан юм. Тиймээс С.Эрдэнийн талынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.