Э.Батшугар: Хөгжлийн Банкны зээл төлөгдсөн, үгүй нь хамаагүй. Зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судлах нь чухал
Гуравдугаар сарын 13-17-нд болох Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хөгжлийн Банкийг ямар зорилготой байгуулсныг санах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлэн, гадаадаас валют оруулж ирэх зорилготой байгуулагдсан. Тус банкны үндсэн эх үүсвэр нь дандаа гаднаас бонд маягаар орж ирсэн юм.
Монгол Улс Хөгжлийн Банк байгуулсан, та бүхэн нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд 3-5 ам.долларын өгөөжөө өгнө гэдгийг гадаадын хөрөнгө оруулагч нарт хэлдэг байсан. Гэвч тус банкны зээлийг зориулалтын бусаар ашигласан нь үнэхээр харамсалтай.
Мөн зээл авах процессын хувьд тодорхой хэмжээний эрх мэдлээ ашигласан байж болзошгүй зүйл гарсан. Түр хорооны зүгээс зориулалтын бусаар ашигласан зээлүүдэд анхаарч байна. АНУ, БНСУ, Япон улсад санхүүгийн байгууллагаас авсан зээлийг зориулалтын бусаар ашиглавал эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог.
Төслөө бичээд банканд өгч байхдаа экспортыг дэмжиж, импортыг орлох талаар дурдсан байдаг. Харин мөнгөө аваад банкийг болон Монгол Улсыг хууран мэхэлсэн гэсэн үг. Түр хорооны зүгээс энэ асуудалд маш сайн анхаарал хандуулж ажилласан. Мөнгийг нь нэг бүрчлэн хөөсөн. Төслийн мөнгөөрөө казино тоглосон уу аль эсвэл бүтээн байгуулалт хийсэн үү гэдгийг нь харах ёстой.
Хөгжлийн Банкны зээлийн мөнгө эргэж төлөгдсөн, үгүй нь хамаагүй. Банкуудаар дамжуулан олгосон зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судалж харах нь чухал. Ингэж байж Монгол Улсын ирээдүйн Хөгжлийн Банкийг аварна. Түүнчлэн Засгийн газраас явуулж буй хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй болгоно” гэв.