“Эрдэнэс тавантолгой”-н бондын арилжаа ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээ өнөөдөр /2021.03.30/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо. ЭТТ бондын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021.03.26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Үнэт цаасыг бүртгэх”, 2021.03.29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр “Анхдагч зах зээл дээр арилжаалах” албан ёсны зөвшөөрлүүдийг тус тус олгоод байна.
ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг бөгөөд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах ажлыг дэмжиж байна. Мөн уг бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм.
Эхний захиалга 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хаах бөгөөд гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой. Мөн Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно.
Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно.