ДЭМБ үндэс угсаагаар ялгаварлах үзэл гаргасан бүс нутгийн япон захирлаа ажлаас нь чөлөөлжээ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) бүс нутаг хариуцсан захирлаа арьс өнгөний үзэлтэй холбоотой дуулианы улмаас ажлаас нь чөлөөлжээ.
Коронавирусийн цар тахлын үеэр тус байгууллагын Номхон далайн баруун бүсийг хариуцсан захирал Такеши Касайн ёс зүйгүй ааш авир, харилцааны соёлын талаар дуулиан хэвлэлээр цацагдаж байсан юм.
Тухайлбал 2022 оны нэгдүгээр сард Касайгийн талаар ДЭМБ-ын нэрээ нууцалсан 30 гаруй ажилтны гаргасан гомдлын талаар Ассошэйтэд Пресс агентлаг анх мэдээлж байв.
Уг дуулианы мөрөөр дотоод шалгалт явуулсны үр дүнд түүнийг ажлаас нь чөлөөлж байгаагаа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр ажилтнууддаа мэдээлжээ.
Энэ нь ДЭМБ-ын түүхэнд бүс нутаг хариуцсан захирлыг захиргааны санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн анхны тохиолдол болсон байна.
Касайг энэ албан тушаалд нэр дэвшүүлж, дэмжиж байсан Япон улсын засгийн газар энэ талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзжээ.
Касай өөрийн ажилтнуудтай дээрэнгүй харьцдаг, нийтийн дунд доромжилдог, үндэс угсаагаар ялгаварласан үг хэлдэг тухай дээрх мэдээлэлд дурдаж байсан юм.
Тухайлбал бүс нутгийн зарим улс орнуудад коронавирусийн халдвар тархалт нэмэгдэхэд тэр үүнийг тухайн улс үндэстний “соёлын сул дорой байдал, гарал угсаа, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин”-тэй холбон шүүмжилж байжээ.
Мөн коронавирусийн эсрэг вакцины тухай нууц мэдээллийг хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор эх орондоо бусдаас түрүүнд дамжуулж байсныг зарим ажилтнууд нь гэрчилсэн байдаг.
Касай нь ДЭМБ-д ажиллахаасаа өмнө Япон улсын эрүүл мэндийн салбарт 15 жил ажиллаж байжээ.
Эх сурвалж: Ikon.mn