“Жирэмсэн эмэгтэйг буцааснаас автомашинд амаржсан нь үнэн”
Эрдэнэт хотод жирэмсэн эмэгтэй автомашинд амаржсан талаар нэгэн иргэн дараах мэдээллийг сошиал хуудаснаа нийтэлжээ. Иргэний нийтэлсэн мэдээлэлд “Машинд төрчихлөө. Эрүүл мэндийн салбар хот тохижуулах гээд монголд хариуцлага гэдэг зүйл огт алга. 4 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн Эмнэлэг.
Өглөө 07:00 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч мөсөн дээр хүүхэд нь төрсөн чүй ай явахад аваар дохиогоо өгөөд ч зам тавиад өгөх сэтгэлгүй жолооч нар эмнэлгийн урд очиход түргэний машин дөнгөж гарч ирж байх жишээний. Нэгнээ сандарсан явахад зам ч болтугай тавиад өгчхөж байгаарай.
07:40 минутад хөөрхөн жаал миний машинд цуурай хадаж эх дэлхийд мэндэллээ” гэсэн байв. Дээрх мэдээлэл үнэн бодитой эсэх талаар Эрдэнэт хотын Бүсийн оношилгооны төвөөс тодруулахад “Машинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн эмэгтэйн давтан төрөлт. Үүрээр ирсэн ч эмч төрөх болоогүй байгаа учраас буцаасан.Гэхдээ ус нь гарч буцах замдаа төрсөн. Бид машинд төрсөн гэх мэдээллийг авсан даруйдаа яаралтай тусламж үзүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.