Армиас цэргээ татах уу
Энхийн цагт эр цэргүүд амь эрстэж, эрүүл мэндээрээ хохирох нь манай улсад ердийн үзэгдэл болоод байна.
Өнөөдөр л гэхэд дахин нэг байлдагч амиа алдсан гэх харамсалтай мэдээ угтлаа. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга энэ сарын 28-ны орой тус ангид алба хааж байсан байлдагчийг зодож хүнд гэмтээсэн. Улмаар байлдагчийн биеийн байдал хүндэрч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч өчигдөр шөнө нас барсан байна.
2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нь амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн бие дээрх ил шархны зураг цацагдаж оолон нийтийг шуугиулсан. Тухайн үед Сайд байсан Н.Энхболд мэдээлэл хийж, эмгэнэл илэрхийлж байсан ч дорвитой шийдвэр, арга хэмжээ аваагүй.
Үүний дараа цэргүүд ар араасаа харамсалтайгаар амиа алдсаар л байв.
2019 оны есдүгээр сарын 12-нд Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 327-р ангийн цэргийн албан хаагч харамсалтайгаар амиа алдсан. Тус ангийн захирагч нь цэргүүдээ өдрийн 20.000 төгрөгийн цалинтайгаар хувийн компаниуд, иргэдэд ажил хийлгэдэг байсан бөгөөд талийгаач цэрэг хадлан хадахаар автомашинтай явж байгаад осолдсон хэрэг гарсан.
Энэ оны хугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай ахлах байлдагч С Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цэргийн 0129 дүгээр ангийн хашаанд зэс уяагаар өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан.
Энэ мэт амиа алдсан, хүнд гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан цэргүүдийн тухай мэдээллийг жагсаавал уртаас урт жагсаалт үүснэ. Одоо хангаллтай. Хоёр жилийн өмнө цэрэг амиа алдахад төв талбайн урд хүндэтгэл үзүүлж, монголчууд дуугарч эхэлсэн. Гэвч яамнаас дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрч, эгэл эр цэргүүд амиа алдсаар л. Хоёр жил гэлтгүй хорин жилийн өмнө ч ил болоогүй олон харгислал бий. Армид яваад амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байхад эцэг, эхчүүд юунд итгэж үр хүүхдээ цэрэгт явуулах юм бэ? Бүр цаашлаад цэрэгт явсан хүүхдээ буцааж татах талаар хүртэл ярьж байна. Энэ байдал даамжирвал эх орны дархан хил эзгүйрэх нь. Энэ асуудал дээр салбар яамны зүгээс онцгойлон анхаарч, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй.