Дундговийн нутгаар хүчтэй салхилж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ
Энэ сарын 06-13-ны өдөр хүртэлх, 7 хоногийн цаг агаарын тойм:
Гуравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Ховдын хойд хэсгээр салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 24-34 метр хүрч ширүүссэн. Энэ сарын 9-ний өдөр Завханы нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангай, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 1-6 мм цас орж, цасан шуурга 1-6 цаг шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр салхи секундэд 15-27 метр, зарим үед секундэд 27-32 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан.
Харин гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Төв, Дорнодын хойд хэсгээр 1-6 мм цас орж, цасан шуурга 1-4 цаг шуурч, Дундговийн нутаг, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 15-25 метр, зарим үед секундэд 25-34 метр хүрч, шороон шуурга 1-7 цаг шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Үүнээс Ховдын Дунд-Ус, Дундговийн Сайнцагаан сумдын нутгаар салхи түр зуур секундэд 34 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Хур тунадас: 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Алтайн өвөр говь болон Хөвсгөлийн уулсаар, 08-нд баруун аймгууд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-21.0 мм бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 11-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-4.7 мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +9…+15 градус дулаан байв. 7 хоногийн хамгийн дулаан нь Дундговийн Луусд +24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6…-13 градус, бусад нутгаар -14…-21 градус хүйтэн хоносон байна. 7 хоногийн хамгийн хүйтэн нь Завханы Цэцэн-Уулд -32 градус хүйтэн байлаа.
Эх сурвалж: ЦУОШГ