ШӨХТГ: ААН торгуулийн мөнгөө иргэдэд үүрүүлж байгаа нь хууль бус
ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээдэл хийлээ. Тус байгууллагаас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-ийг холбогдуулан “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” гэсэн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах зорилготой аж.
Барилгын салбар хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг бөгөөд барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж анх удаа хэрэглэгчийн өдрийг тэмдэглэх юм. Өнөөдөр эрчим хүчний хомсдол бидний тулгамдсан асуудал болсон. Иймээс амины орон сууцанд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар амины орон сууц хэрхэн дулааны хүчний үйлдвэрлэгч болох вэ зэрэг боломжуудыг иргэдэд танилцуулна хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Түүнчлэн хэвлэлийн хурлын төгсгөлд ШӨХТГ-ын агентлагийн дарга Ц.Уртнасан бараа бүтээгдэхүүний үнээ үндэслэлгүй нэмсэн гэж торгуулсан ААН-үүд буцаад үнээ дахин нэмсэн асуудлаар сэтгүүлчийн асуултад “ШӨХТГ иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд үндэслэж хяналт шалгалтаа хийдэг. Өнгөрсөн хугацаанд цаг үеийн шинжтэй шалгалтуудыг хийсэн. Гурил үйлдвэрлэгч зарим ААН-үүдэд хяналт шалгалт явуулсан. Тодруулбал 2022 онд хийсэн хянал шалгалтаар гурил үйлдвэрлэгч ААН-үүд хоорондоо үгсэн тохиролцож үнээ нэмсэн. Иймээс Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авсан. Улсын байцаагчийн оногдуулсан торгуулийг ААН хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрхтэй. Гурил үйлдвэрлэгч гурван компани өнөөдрийн байдлаар шүүхэд гомдол гаргаагүй байна. Харин тухайн ААН зөрчлийн үр дагаврыг арилгахгүй эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнээ нэмж байгаа нь бизнесийн эрх зүйн орчинд байж боломжгүй асуудал. Аж ахуйн нэгж торгуулийн мөнгөө эцсийн хэрэглэгчид үүрүүлж байгаа нь хууль бус” гэлээ.