Америкийн томоохон наадмуудын нэг SWSX-д Монгол кино оролцоно
Америкийн томоохон наадмуудын нэг SWSX-д Монгол кино оролцоно. “Three Flames Pictures” болон “Team Hero” продакшны хамтарсан бүтээл, найруулагч Батсүхийн Баатарын “Aberrance” буюу “Этгээд” аймшгийн уран сайхны кино дэлхийд болон Америкт нэр хүндтэй “South by South West” кино наадмын “Midnighters” буюу “Шөнийн” хэсэгт шалгараад байна.
SWSX наадам нь жил бүрийн гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болдог бөгөөд 35 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадам нь киноны хорхойтнууд болон хэвлэл мэдээлэл, кино бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг фестивалиудын нэг бөгөөд бизнесмэн Элон Маск зэрэг алдар нэр хүндтэй эрхмүүд тус арга хэмжээнд оролцдог гэдгээрээ онцлогтой. Киноны фестивалаас Канн хамгийн алдартай байдаг боловч SXSW наадам нь дэлхийд алдар нэр, кино урлагт маш нөлөөтэйн улмаас Холливудын студиуд киногоо нээх болон энэ фестивальд орох нь чухал байдаг. Өнгөрсөн жил энэхүү наадамд одоогоор 7 Оскарын шагнал аваад буй Paramount Pictures–ийн Everything Everywhere All at Once нь нээлтээ хийсэн. Энэ жил мөн Paramount Pictures–ийн Dungeons and Dragons нээлтээ хийж фестивалийг эхлүүлсэн байна.
Энэ Холливудын алдарт кинонуудтай эн зэрэгцэн энэхүү наадамд оролцож буй явдал нь “Этгээд” уран сайхны кино нь Монголын кино урлагийн түүхэнд өндөр хувь нэмэр оруулаад зогсохгүй, Монгол Улсыг дэлхийн хэмжээний чанартай кино бүтээж чадах боломжтой болохыг харуулж байна.
Энэхүү киноны гадаад харилцааг хариуцан ажиллаж буй “Three Flames Pictures” нь “Монголын кино урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, Монголд гадаадын кино уран бүтээлчид очиж кино хийдэг газар болгох” эрхэм зорилготойгоор 2017 онд байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа хойш “Three Flames Pictures” нь дэлхийн нэр бүхий хэд хэдэн наадамд түрүүлсэн МУГЖ, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгийн “Хийморь” киног дэлхий даяар сурталчилж, монголчуудыг ямархуу цараатай бүтээл туурвиж чаддагийг киноны бизнес эрхлэгчдэд амжилттай сурталчилж ирсэн. Уг компани нь кино зохиолоос эхлээд борлуулалт хүртэл ажилладаг бөгөөд одоогоор Монгол киног дэлхийн зах зээлд борлуулахын тулд чанар, стандарт, гадаадын худалдан авагчдын хүсэл сонирхолд хэрхэн нийцүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Дэлхийд монгол кино хүч түрэн орж ирж байгаад бүх уран бүтээлчдэдээ амжилт хүсье.