АСЕМ зохион байгуулах хүрээнд “Мика интерпрайз” ХХК ганцаараа зээлээ зориулалтын дагуу зарцуулжээ
Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсголын гуравдугаар шат өчигдөр эхэлсэн.Өчигдрийн сонсголд АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан төслийн зарцуулалтын тайлан, шинжээчийн дүгнэлтийг хэлэлцсэн юм.
Түүх сөхвөл Засгийн газар тогтоолж гаргаж, АСЕМ Вилла цогцолбор хотхоныг барьж байгуулах санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан гаргахыг Хөгжлийн банканд зөвшөөрсөн байдаг. Улмаар санхүүжилтийн эх үүсвэр Хөгжлийн банкнаас гарч, Худалдаа хөгжлийн банк зэрэг арилжааны 5 банкаар дамжуулан нийт 16 зээлдэгчид 108,4 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгожээ. Дээрх 16 компанид очсон хөнгөлөлттэй зээлийн мөнгө юунд зарцуулагдсаныг нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж дүгнэлт гаргасан байна.
Шинжээчийн дүгнэлтээр АСЕМ хотхон байгуулах, АСЕМ-ийн чуулга уулзалтыг зохион байгуулах хүрээнд зээл авсан компаниудаас “Мика интерпрайз” ХХК ганцаараа зээлээ зориулалтын дагуу зарцуулсан нь тогтоогдсон аж.
Бусад 15 дэд зээлдэгчийн хувьд зориулалтын бусаар ашигласан нь холбогдох баримтуудаар нотлогджээ. Тодруулбал АСЕМ зохион байгуулна гэх халхавчаар зээл авчихаад арилжааны банкнаас авсан зээлээ хаах зэргээр зориулалт бусаар зарцуулсан нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр нийтэд ил боллоо.
“Мика интерпрайз” ХХК-ийн хувьд засвар үйлчилгээ, хөрөнгө худалдан авахад зориулж 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь хамгийн бага дүнтэй зээлд хамаарч байгаа аж.