Салаан даргадаа зодуулж нас барсан цэргийн асуудлаар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлага хүргүүллээ
Энэ сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад өнгөрсөн шөнө нас барсан юм. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтод хүсэлт хүргүүлж Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулан нас барсан цэргийн асуудлыг хэлэлцэхийг шаардлаа.
Хүсэлтэд “2019 онд хугацаат цэргийн албыг хааж байсан дөрвөн цэрэг, 2020 онд нэг, 2021 онд хоёр цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Зэвсэгт хүчний ангиудад олон удаа дараалан алба хааж байгаа байлдагчийг дарамтлах, зодуур нүдүүрийн аргаар харилцах нь хавтгайрч хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгааг таслан зогсоох шаардлагатай байна. Тиймээс Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулж өгнө үү” гэжээ.