Э.Батшугар: Зээлээ зориулалт бусаар ашигласан хүмүүст хариуцлага тооцох нь ирээдүйн зээлдэгч нарт хатуу сануулга болох учиртай
Хөгжлийн банкны гурав дахь шатны нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Үдээс өмнөх хуралдаанаар ЖДҮХС-гийн Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөлд олгосон зээлүүдийг хэлэлцсэн юм.
Өнөөдөр хэлэлцсэн 888 төслийн дотор “Бишрэлт” групптэй хамаарал бүхий хэд хэдэн компанийн асуудал гарч ирж байна. Тухайлбал, “Капитал” банкаараа дамжуулан хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон, авсан зээлээ хоорондоо дамжуулсан, банкны зээл хаасан, зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь тогтоогдоогүй гэх мэт. Шинжээчийн дүгнэлтээр тус группийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас шууд болон дамжуулан зээлээр 59 тэрбум төгрөгийн санхүүжилт авч зориулалт бусаар ашигласныг ил болголоо.
Хууль хяналтын байгууллага нээлттэй сонсголоорил болгож байгаа энэхүү баримт, нотолгоонуудыг сайтар шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Э.Батшугар илэрхийллээ. Тэрээр “Өнөөдрийн сонсголоор хэлэлцэж байгаа 888 төслийн 90 гаруй хувь нь зээлээ зориулалт бусаар ашигласан байна. Өнөөдрийн сонсголоор ил болгож байгаа “Бишрэлт” групптэй холбоотой мэдээллүүд үүний жишээ болж байна. Авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, бусдын боломжийг хааж, улсын хөгжлийг гацаасан хүмүүст хатуу хариуцлага тооцох нь цаашид Хөгжлийн банкийг зорилгынх нь дагуу ажиллуулах хөшүүрэг болно. Мөн ирээдүйн зээлдэгчдэд сануулга болох учиртай” гэв.