“Гэр бүлийн тухай хуулийг чангална”
Гэр бүлийн салалт, хүчирхийлэл газар авч учир мэдэхгүй бага насны хүүхдүүд хохирсоор багагүй хугацаа өнгөрлөө. Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хойд эцэг, эхдээ зодуулж амиа алдсан гэх хэргүүд нийгэмд ил болж, олны сэтгэлзүйд нөлөөлж буй юм. Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулга эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр бүлийн хуулиа чангалах, хүүхэд хүчирхийлэгчдэд оноох хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсээр байна.
Уг асуудлаар МАН-аас сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд анхаарч эхэлсэн тухайгаа дурдаж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар дараах зүйлсийг онцолжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогчийг хамгаалах, урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэх, гэр бүлийн орчинд хэн нэгэн хүчирхийлэлд өртөхгүй байхыг хуулиар зохицуулна. Хүүхэд хамгаалал, хариуцлагын асуудлыг чангатгах, аль болохоор гэр бүлийн үнэ цэнийг хамгаалсан заалтуудыг тусгах, эцэг эхийн хариуцлагыг нэмэх үүднээс хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмжийг тухайн иргэний данснаас шууд татдаг байх зохицуулалтыг оруулах тухай заалтуудыг оруулж өгнө гэв.