Улсын төсөв эхний хоёр сард 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гурван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 422.9 тэрбум төгрөгөөр буюу 16.4% өсжээ.
Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 тэрбум төгрөгөөр буюу 12.9% өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Манай улсын нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний хоёр сард 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Тэнцвэржүүлсэн тэнцлийг он оноор харвал:
- 2020 эхний хоёр сард -120 тэрбум төгрөгийн алдагдалтай
- 2021 эхний хоёр сард -112.8 тэрбум төгрөгийн алдагдалтай
- 2022 эхний хоёр сард – 32.1 тэрбум төгрөгийн ашигтай
- 2023 эхний хоёр сард – 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав.
Төсвийн ашиг өмнөх оны мөн үеэс 9.6 тэрбум төгрөгөөр 29.8% буурчээ.
Татварын нийт орлого энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 240.7 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн аж. Үүнд,
- Орлогын албан татварын орлого 61.5 (8.2%) тэрбум төгрөг
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 85.7 (16.7%) тэрбум төгрөг
- Нийгмийн даатгалын орлого 72.2 (17.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин онцгой албан татвар 82.6 (46.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.