ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан ч хуулийн төслийг дахин оруулж батлах шаардлагатай

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Баярсайхан нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Г.Дамдинням,  нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэх эсэх, олон нийтээр хэрхэн хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тодруулахад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан “Энэ хуулийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг ойлгож, хийгүй, чамбай хууль батлах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэнтэй бид санал нэг байна” хэмээн хариулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Цахим орчин, олон нийтийн сүлжээнд эрх зүйн зохицуулалт хийх шаардлага Монгол Улсад байгаа бөгөөд ямар хуулиар, хэрхэн зохицуулах нь парламентын бүрэн эрхийн асуудал” гэлээ. Олон нийтийн сүлжээ, цахим орчинд байгаа мэдээллүүд сэтгэл эмзэглүүлж байна гээд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, залилангийн гэмт үйлдэл нийт гэмт хэргийн 51.1 хувийг эзэлж байгааг дурдав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихдаа цахим орчинд олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, эрдэмтэн судлаачдын санал байр суурь, эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын санал, бодлыг сонсож, олон талаас нь хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал зөрөхгүй байх хэмээн хариулт өглөө

Ингээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь дэмжсэн тул үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Олон нийтийн сүлжээг буруугаар ашиглах явдал нь тэгш бус бус байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд хүргэж байгааг анхааралдаа авах шаардлагатайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооноос гишүүн улсуудад сануулж, зөвлөж байна.

Ийм учраас Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенцын хүрээнд цахим орчинд хүний эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан, хүний бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц, аливаа төрлийн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, уриалсан үг хэллэг, агуулга бүхий зөрчилтэй контентыг хязгаарлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс залуучууд, өсвөр үеийг хамгаалах, нийгмийн сүлжээн дэх цахим луйвар гэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг мөн. Иймд төр үүргээ биелүүлж, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж олон улсын хэмжээнд үзэж байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг Улсын Их Хурлын олонх гишүүд дэмжсэн. Тэгэхдээ, энэ төрлийн эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдэг байр суурийг олон гишүүн илэрхийлсэн тул Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтраад хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дахин өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *