Дархан-Уул аймаг 250 ортой шинэ нэгдсэн эмнэлэгтэй болно
Дархан-Уул аймгийн хүн ам нэмэгдэхийн хирээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүртээмж багасч, ачаалал нэмэгдэж байна. Тиймээс төвийн бүсийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах зорилгоор 250 ортой шинэ нэгдсэн эмнэлэг барих төслийг эхлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг 107.000 хүн амтай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хот болон бусад орон нутгаас шилжин суурьшигчдыг хүлээн авч ойрын 1.5 жилд хүн ам 20 хувиар өсгөхөөр төлөвлөсөн. Өсөн нэмэгдэх хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорих иргэдийн урсгалыг сааруулах, ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэхээр орон нутгийн удирдлагууд төслийг дэмжих донор байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Улсын хэмжээнд өрсөлдөх чадварын судалгаагаар хамгийн бага үзүүлэлт авч үнэлэгдсэн нэг хэсэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аж. Тиймээс дэд бүтэц, тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр талууд түлхүү ярилцсан байна. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан холбогдох банкны төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй ирж танилцаж байгаа нь манай төсөл нэг ахлам урагшилж боломж ойртож байна гэж аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр Дархануул аймагт 250 ортой, нэн шаардлагатай амбулаторийн иж бүрэн тоноглолтой шинэ эмнэлэг баригдана. Дархан сумын 13 дугаар багт шинэ эмнэлэг барих 5 га газрыг орон нутгаас шийдвэрлэсэн. Төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тохиолдолд аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг аль нэгд газар олголтыг хийх, техникийн нөхцөл бэлэн болжээ.