Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Тухайн мэдэгдэлд:

“Монгол улсыг сөхрүүлэн туйлдуулж байгаа зовлон бол төрийн өмчийн хулгай, луйвар боллоо. Төрийн өмчтэй холбоотой хулгай, дээрмийг жирийн иргэд хийдэггүй. Харин стратегийн сайтар байршил эзэлсэн шунахай бүлэглэл, ашиг сонирхол нэгтэй эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд үйлдэж байна.
Эрх баригчид хулгайтай тэмцэж байгаа нэрийдлээр баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг дарамталсаар байна. Үүндээ эрэмшиж, давхар улс торийн хонжоо гаргахын тулд сөрөг хүчин, цөөнхдөө хэрэг нялзаах гэсэн туйлширсан, увайгүй үйлдэл хийж байгаа нь шударга ёсыг завхруулж байна.

Ардчилсан Нам авлигын эсрэг явуулж буй бодит алхам, хулгайтай тэмцэх үр дүнтэй ажлуудыг бүх талаар дэмжсээр байх болно. Харин олон нийтийн өмнө хэн нэгнийг шүүхийн шийдвэрээс өмнө “урьдчилан яллачихаад” түүнийгээ шударга ёс тогтоож байгаа мэтээр сурталчилах нь бусармаг үйлдэл юм. “Нүүрсний хулгай” бол иргэд, ард түмний баялгийг (400 тэрбум доллар) төрийн нэр баригсад өөрсдийн өмч мэт хяналтгүй, зоргоороо захиран зарцуулж, тэрбум тэрбум доллараар шамшигдуулсан, өндөр албан тушаалтнуудын оролцоо, дэмжлэгтэй үйлдэгдэж байгаа “хуульчлагдсан” авлигын хэрэг юм.

Хууль, хүчний байгууллагуудын “хяналтаас гадуур”, нарийн зохион байгуулалттай хэрэг үйлдэх “хийдэл”, түүнийгээ нуун дарагдуулж, хаацайлах чадвар зовхон эрх мэдэлтэнүүдэд л бий. Монгол Улсад хяналтгүй эрх мэдлийн ноёрхол долоо дахь жилдээ шилжлээ. Монгол улс, 2015 онд нийтдээ 550 сая ам.долларын нүүрс экспортлож байв. Харин 2022 онд 6.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх, 2015 онтой харьцуулахад 13 дахин их ашиг олсон байна. 2015-2016 онд нүүрсний нэг тонн тутам нь 30 ам.доллар байсан бол 2017 оноос хойш 30-аас 100 ам.доллар болтлоо огцом өссөн. Улмаар 2020 оноос хойш тонн тутам нь 400-600 ам.долларт хүрсэн. Энэ бол 2017 оноос эхлэн нүүрсний хулгай нь ханшийн өсөлт даган огцом оссоний логик нотолгоо юм. Нэг ч өдөр цалин тавьж, бизнес эрхлэж байгаагүй атлаа улсаасаа баян болчихсон эрх мэдэлтнүүдээ шалгах, хариуцлага тооцохын оронд бизнес эрхлэгчдээ улс төрийн харъяалал, итгэл үнэмшлээр нь ялгаварлан, хулгайтай тэмцэх нэрээр баримт нотолгоогүйгээр цоллож, хэлмэгдүүлж байгааг Ардчилсан Нам эрс буруушааж байна.” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *