Турк улсад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын томилолтын зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгоно

Бүгд Найрамдах Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд анх удаа оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гардууллаа.

Манай улсын эрэн хайх, аврах баг дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран ажилласан юм.

Л.Оюун-Эрдэнэ “Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа.

Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно. Мөн гамшгийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй” гэв.

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.

Газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан.

Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амийг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *