“Дэлхийн мөнгөний долоо хоног -2023” олон улсын аян Дундговь аймагт нээлтээ хийлээ
Монголбанкнаас жил бүрийн гуравдугаар сард Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (ОЕCD)-тай хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2023 онд хэрэгжүүлэх “Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аян Дундговь аймгийн Мандалговь хотод нээлтээ хийлээ. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг тус аяныг энэ сарын 13-наас 26-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Аяны нээлтэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, хэлсэн үгэндээ “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь Төв банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй санаачлага юм. Олон улсад Төв банкууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратеги, хөтөлбөр хэрэгжүүлдэг нийтлэг жишиг ч бий болсон. Нөгөөтээгүүр, Төв банк иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэхэд анхаарснаар үндсэн зорилтоо илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болдог” хэмээн онцолсон юм.
Тус аян нь хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тухайд “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, байгаль орчны доройтлын эсрэг хувь хүн бүрийг ухаалаг, зохистой хэрэглээнд уриалж байна. Манай улс аяны хэрэгжилтийн хугацаанд иргэд, олон нийтийг санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар түүнд чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж эхлүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд тус аяныг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагуудын идэвх оролцоо ч жилээс жилд нэмэгдсээр байна.