С.Чинзориг: Эмийн үнэ өсөж байгаа бодит шалтгааныг олох шаардлагатай
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар “Эмчээ сонсъё” уулзалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаа эмийн салбарынхантай тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцав. Тухайн уулзалтаар тэрбээр эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, борлуулалттай холбоотой тоон мэдээлэл өглөө.
462 тэрбум төгрөгийн импортын борлуулалтын орлого 2.4 их наяд болоод нэмэгдсэн байна
“Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, борлуулалттай холбоотой тоон мэдээлэлд судалгаа хийж, ярилцлаа. Энэхүү тоог эм ханган нийлүүлэх байгууллагуудын татварын ерөнхий газарт тайлагнасан, и баримтын тоон мэдээнд тулгуурласан. Тоо баримтыг харахад бидэнд ний нуугүй ярилцаж, учир зүйг нь олмоор олон тоонууд байна. Тухайлбал 2022 онд 462 тэрбум төгрөгийн эмийг импортоор оруулж ирсэн бол дотооддоо 2.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн буюу, 6 дахин өссөн байх жишээтэй.
Энд юу нөлөөлж байна вэ. Дотоод, гадаад ямар хүчин зүйл байна вэ гэдгийг ний нуугүй ярилцаж, учрыг нь олох ёстой болов уу. Энэ дотор материалын үнийг бусад зардал хэмээн тэмдэглэж, түүндээ 2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. 462 тэрбум төгрөгийн импортын борлуулалтын дотоодын зах зээлд борлуулах борлуулалтын орлого 2.4 их наяд болж нэмэгдсэн байна. Үүний 1.3 их наяд нь материалын үнэ, бусад зардалд 650 нийт 2 их наяд төгрөг байна. 2 дахь сонирхолтой тоо нь, импортын 462 тэрбум төгрөгийн 260 тэрбум төгрөг нь импортын зөвшөөрөлтэй, ханган нийлүүлэх байгууллага хоорондоо худалдаа солилцоо хийдэг ийм дүн байна.
Үүнд ямар учир шалтгаан байна? 260 тэрбум төгрөгөөр эм ханган нийлүүлэх байгууллагууд хоорондоо жижиглэн худалдаа хийдэг, өөрөөр хэлбэл импортын ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй, эм ханган нийлүүлэхүүд оруулж ирж байгаа 460 тэрбум төгрөгийнхөө 55 хувь буюу 263 тэрбум төгрөгийг хоорондоо худалдаа солилцоо хийж байна. Хоорондоо худалдаа хийдэг ямар учиртай зүйл яваад байна.
Ингэхээр эмийн өртөг нэмэгддэг, зардал нэмэгддэг зүйл байна уу үгүй юу. Би бол санаанаас зохиогоогүй, татварын ерөнхий газраас гаргаж өгсөн татварын газарт өгсөн санхүүгийн тайлангийн дүнг хэлж байна. Өнөөдөр энд уулзсан учрын нэг нь энэ баримтыг тунгаах, үнэн эсэх, учир шалтгааныг олмоор байна. Үүнд хариулт өгөх болов уу гэж бодож байна.” гэв.