Өнөөдөр-Дэлхийн ойн өдөр
Өнөөдөр-дэлхийн ойн өдөр. Энэ өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос энэ өдрөөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн билээ.
Монгол Улс цөлжилтийн эсрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих тэмдэглэдэг уламжлалтай. Энэ ч утгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлан, 2030 он хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 130 сая мод тарихыг зорьж, энэ хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байгаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 орчим хувийг эзэлдэг ой сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрт байдал алдагдан, ой шавжид идүүлж доройтох болж, одоогоор 1.1 тэрбум модоо хөнөөлт шавжид сүйтгүүлж болох тооцоо гарчээ.