Л.Энх-амгалан: Боловсролын сайдын хувьд зуны цагийн хуваарьт шилжихийг дэмжихгүй
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас урин дулаан улирал ирж, эрт гэгээ орж байгаатай холбогдуулан зуны цагийн хуваарьт шилжих талаар яамдаас санал авч байна. Уг асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж. Нийгэм, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг дэвшүүлж байгаа юм байна.
Тэгвэл уг асуудлаар Боловсролын сайд байр сууриа илэрхийллээ. Тэрээр, Боловсролын хүрээлэнгээс өмнө хийсэн судалгаа бий. Хүүхдүүд одоо сэрж байгаа цагаасаа нэг цагаар эрт босно гэсэн үг шүү дээ. Энэ бага насны хүүхдүүд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарсан. Ялангуяа цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн бие, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Бүх сайд нараас цаг урагшуулах асуудлаар санал авна гэсэн. Би Боловсролын сайдын хувьд зөв шийдвэр биш гэж харж байна. Би судалгааны үр дүнг танилцуулна. Гэхдээ эцсийн Засгийн газрын хуралдаанаар гаргана.