Японы Ерөнхий сайд Кишида Фумио Украинд айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жиньпины ОХУ-д хийж буй айлчлалтай зэрэгцэн Японы Ерөнхий сайд Кишида Фумио Украин улсыг зорьжээ. Энэ нь Оросын цэргийн довтолгоо эхэлснээс хойш Японы Ерөнхий сайдын Украин улсад хийх анхны айлчлал болно. Кишида Фумио даваа гарагт Энэтхэг улсад айлчилж тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитай уулзжээ. Тэрээр Энэтхэгт хийсэн айчлалынхаа дараа шууд нутаг буцах ёстой байсан ч, төлөвлөгөөгөө өөрчилж гэнэтийн айлчлал хийхээр Украиныг зорьсон байна. Тэрээр Польшоор дамжин Украинд хүрэх юм.
Кишида Фумио Польшийг зорихдоо засгийн газрын онгоцноос татгалзаж, хувийн тийрэлтэт онгоц ашиглажээ. Тэрээр Украинтай хиллэдэг Польшийн Жешув хотоос галт тэргэнд суусан байна. Кишида өнөөдөр Украинд хүрч, тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах аж. Түүний Украинд хийж буй айлчлал БНХАУ-ын дарга Ши Жиньпины ОХУ-д хийж буй айлчлалтай давхцаж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Япон улсын Ерөнхий сайд дайн болж буй улс орон, бүс нутагт айлчилсан тохиолдол нэг ч удаа гараагүй аж.
Ерөнхий сайд Кишида Фумио Украиныг дэмжиж, сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа айлчлалаараа илэрхийлнэ гэжээ.