Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 20 км-т орших Хамрын даваа хэмээх газар иргэн Х, Б нар малаа тууж яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 20-ны 20:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сумын Хамрын даваа гэх газраас Шургадгийн сай гэдэг газрын чиглэлд малаа тууж яваад сураггүй болсон 45 настай эрэгтэй Х, 33 настай, эрэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эрлийн явцад мөн өдрийн 05:05 цагт тус сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т Мөстийн хөтөл гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.