ХНХЯ-ны шинэ сайдыг ирэх долоо хоногт томилно
Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдааны нээлтийн дараах хаалттай хуралдааны үеэр Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Улмаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөх захирамж баталгаажсан аж.
Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ.