Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Миний охин аавыгаа дахин хоригдоход “Аав нүүрс хулгайлсан юмуу” гээд уйлсан
Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс суллаж, зорчих эрхийг нь хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Харин прокуророос Д.Мөнх-Эрдэнийг сулласан асуудалд Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар Д.Мөнх-Эрдэнийг дахин хориод буй. Уг асуудлаар түүний гэргий Д.Баянжаргал зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа:
"Ханийг минь суллагдсаны дараа хүүхдүүд хүзүүгээр нь тэврээд салахгүй маш их баярласан. Хөгшин ээж аав нь ч гэсэн хүүгээ харж баярлаад бие нь тэнхэрч, хоолондоо хүртэл сайжирсан. Хань минь бүдүүн хадуун яриатай ч гэсэн төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Би мэднэ, нотолно. Хань минь гараад ирэхдээ маш их ядруу харагдсан. Хүүхдүүд минь ааваасаа холдохгүй, их баярласан. Гэтэл гэнэт л дахиад бариад явчихлаа. Хүүхдүүд минь уйлаад "Миний аав нүүрс хулгайлсан юм уу. Яагаад барьчихсан юм бэ" гээд уйлаад надаас асууж байна. Хань минь харин ч хулгайчуудтай тэмцэхийн тулд хуулийн сургуульд хүртэл сурсан. Хулгайч биш" гэв.
Түүнийг консулаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.