IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин БЗС-гаас 170 мянган ам.доллар зээлж, АНУ-д суралцжээ
Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг өчигдөр /2021.03.23/ олон нийтэд ил тод болов. Ингэснээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийт жагсаалтад багтсан суралцагсдын мэдээллийг нээлттэй үзэх боломжтой болов.
Тухайн зээлд багтаж шилдэг боловсрол олсон гэх суралцагсдын дунд төрийн түшээд, дээд эрхмүүдийн хүүхдүүд түлхүү багтсан нь эхнээсээ мэдээлэгдсээр байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд энэ зээлээр суралцдаг нь ил болов. Тодруулбал, түүний хүү З.Алтангэрэл, охин З.Должинсүрэн нар Калифорнийн их сургуульд суралцдаг байна. Ингэхдээ дөрвөн жилийн хугацаанд нэг нь 96, нөгөөдөх нь 13 мянган ам.долларын зээл авсан, түүнчлэн ТЕГ-ын дарга асан Хурцын охин Намуун Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн философийн чиглэлээр суралцахаар 72 мянган ам долларын зээл тус тус авсныг ubn сайт онцолжээ. Мөн өдгөө цагдан хоригдоод буй IHC койныг зах зээлд нэвтрүүлсэн, форекс арилжаач Отгонбаатарын Мөнхжингийн нэр ч багтжээ.Тэрбээр БЗС-аас 170 мянган ам доллар зээлж, АНУ-д суралцсан байна.