Золбин нохой, муур устгах зардлыг нэмж 24.000 төгрөг болгоно
Золбин нохой, муур устгах ажлын төлбөрийг ₮24,000 болгохоор НИТХ-ын Зөвлөлд өнөөдөр танилцуулжээ. 12,000 төгрөгийн зардал нь тус ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллах болсон байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохой, муурын тоо ихсэж, нохой муураас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, хүн мал амьтан нохойд хазуулсан тоо өсөх хандлагатай.
Золбин нохой муурын тоо буурахгүй, эзэнтэй нохой муурын зохицуулалт байхгүй байгаа нь иргэд нохойд хазуулах, бэртэх нөхцөлийг бий болгож байгаа аж.
НИТХ-ын 2016 оны 96-р тогтоолоор баталсан 12,000 төгрөгийн зардал нь тус ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллах болсон байна. Иймд уг ажлын нэгж тарифыг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, дизель түлш, сумны үнийн өсөлттэй уялдуулан тооцоо, судалгааг хийж 24,000 төгрөг болгон шинэчлэн батлуулахаар танилцуулсан байна.
Захирагчийн ажлын алба танилцуулгадаа “2016 оноос хойш дизель түлшний үнэ 2.4 дахин, нэг хайрцаг сумны үнэ тав дахин, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн” гэдгийг тодотгоод үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн, гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулж байна гэв.
Энэхүү асуудлыг НИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх юм байна.
Азтай савар төрийн бус байгууллага, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч байгаа. Тиймээс уг хуулийн төсөлд эзэнгүй нохой, мууртай холбогдох зохицуулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгчээ.