Санаа нь зөв ч, арга нь буруудсан “ШҮГЭЛ ТӨСӨЛ”
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар “ШҮГЭЛ” төсөл Баянзүрх дүүргээс эхлэн хэрэгжиж байгаа тухай өчигдөр /2023.03.23/ мэдээлэл түгсэн нь олон түмний шүүмжлэлийг хүртээд байна. Х.Булгантуяа гишүүн уг төслийнхөө тухай ийн ярьсан юм. Тэрбээр:
“Шүглийн давуу тал нь хохирогчийн эсрэг ашиглагдах боломжгүй, хэрхэн ашиглах талаар сурахад их цаг зарцуулах шаардлагагүй, аль ч насны хүн хэрэглэх боломжтой, үнийн хувьд боломжийн өртөгтэй. Мөн ШҮГЭЛ-ийн давуу тал нь дуут дохиог сонссон хүн бүрд хүчирхийллийг таслан зогсоогч байх боломжийг олгоно” хэмээсэн юм. Түүнчлэн уг төсөл олон улсад хэрэгждэг, бодит үр дүнгээ өгсөн арга гэх…
Өчигдрийн тухайд гишүүний эл төслийн яриа, олон хүний шүүмжлэлтэй тулгарав. Яг бодохоор хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх цаг мөн үү, мөн. Хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ үед Парламентийн эмэгтэй гишүүд “Хүүхэд хүчирхийллийн эсрэг арга хэмжээ”-г санаачилж буй нь сайшаалтай ч, илэрхийлэх арга нь буруудлаа.
“Шүгэл үлээгээд хүчирхийлэл буурах уу”, цаашлаад “Хүчирхийлэлд өртөж буй хүүхдэд шүгэл үлээх боломж өгөх үү”, “Үлээлээ гэж бодоход түүнийг нь хүмүүс сонсоод туслах уу” зэрэг олон асуулт хөвөрнө. Япон болон Солонгосын хөгжингүй орнуудад хүүхдийн хүчирхийллээс хамгаалах дуут дохио бүхий жижиг төхөөрөмжийг хүүхдийн цүнхэнд зүүх, эсвэл аюулд орсон үед цагдаагийн байгууллага, эцэг эхэд дохио илгээх бугуйн цаг, бугуйвчийг түгээмэл хэрэглэдэг. Тэр нь ч шүгэлтэй харьцуулахад хавь үнэтэй.
Манай орны ядмагхан эдийн засагт олдоц хийгээд, үнийн хувьд шүгэл тохирно. Гэвч “Үр дүн гарах уу”, эсвэл “Мөнгө угаах арга уу” гэдэгт л иргэд шүүмжлэнгүй хандаад буй. Дээр нь гишүүний үлээсэн ажиллагаагүй шүглийн бичлэг цахимд цахилгаан мэт түгэж, олны бачуурлыг улам хүргэнэ. Угтаа шүгэл нь бодит амьдрал дээр дээрэм хүчирхийллээс хамгаалахаас илүүтэй гэнэтийн зүйлд мэнд үлдэх, бусдаас тусламж хүсэж амь аврагдахад энгийн бөгөөд чухал хэрэглэлүүдийн тоонд орж, эрэмбэлэгддэг аж.
Урьд өмнө ямарваа төсөл санаачилсан гишүүд чамин нэртэй ганган төслөөр ахиу мөнгө цохиод алга болсон. Тиймээс ч эрхэм гишүүний санаачилсэн уг төслийг иргэд ашиг цавчих хэрэгсэл боллоо хэмээн хардаж буй нь аргагүй юм. Санаа нь зөв ч, арга нь буруудсан “ШҮГЭЛ ТӨСӨЛ”-ийн үр дүнг цаг хугацаа л харуулах болов уу.