МАН бүлэг: Сонгуулийг холимог системээр явуулж, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын сонгуулийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан.  АН, МАН, ХҮН намын төлөөлөл тус ажлын хэсэгт багтсан.

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Энэ дагуу зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй.  Тиймээс 3-р  сарын 29-ний өдрийн Засгийн газрын хурлаар саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна.

Сонгуулийн хуульд оруулах таван өөрчлөлтийг хэлье.

  1. Сонгуулийг холимог системээр явуулдаг болохыг намуудын төлөөлөл дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал тогтолцоо байх юм.
  2. Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг тусгасан. Зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль явуулахад хоёр дахь гол өөрчлөлт чиглэж байгаа.
  3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан.
  4. Улс төрийн намуудад босго тавьдаг. Энэхүү босго таван хувь байгааг гурав болгох ёстой гэж үзэж байгаа.
  5. Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд энэ тоо 20 хувь байгаа.

Сонгуулийн тухай хуульд ерөнхий агуулгаар ийм таван асуудалд төвлөрч байгаа. Уг хуулийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх бодолтой байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *