Улаанбаатарт ашиглалтын хугацаа дууссан, аюул дагуулах эрсдэлтэй 800 гаруй лифт байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлээс стандартын шаардлага хангахгүй байрлуулсан хаягийн байгууламжийг цэгцлэх ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны хооронд хоёр үед шаттайгаар зохион байгуулж буй.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагийн өгсөн мэдээллээр энэ долоо хоногт шаардлага хангаагүй 1,259 самбарыг буулгаж, 2,851 самбарт мэдэгдэл хүргүүлжээ. Цаашдаа байгууллагууд дур мэдэн самбар босгодог байдлыг арилгахаар ажиллаж байна.
УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Орон сууцнуудын лифттэй холбоотой асуудлыг иргэдийн зүгээс хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын шаардлага хангаагүй акт гаргасан 132 лифт, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, осол гэмтэл гарах магадлалтай 800 гаруй лифт байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглалтад 8,600 гаруй лифт байдаг. Ингэхдээ 140 орчим ААН ашиглалт үйлчилгээг нь явуулдаг байна. Нийслэлд ашиглалтад байгаа 8,600 орчим орон сууцны лифтийг “UB инженеринг” нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгаа болон ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх үүрэг даалгаврыг өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгчээ.