Р.Эмүжин: Д.Мөнх-Эрдэнийг бус, бидний үг хэлэх эрхийг шүүж буй юм
Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж буйтай холбогдуулсан нийтлэлч, зохиолч Р.Эмүжин нүүр хуудаснаа дараах бичвэрийг нийтэлснийг хүргэж байна.
Мөнх-Эрдэнэд алдаа ч бий, оноо ч бий. Нийгэмд тодорхой асуудлуудыг дуулиантайгаар гарган тавьж, дуу чимээ өгч явдаг түүний бичлэгийг 1.4 сая хүн үзсэн тохиолдол ч байдаг. Тэгэх тусмаа тэр хүчтэй болж байв, тэгэх тусмаа эвдэрч байв. Эвгүй үг хэллэг их хэрэглэх тусам, этгээд араншин харуулах тусам лайвыг нь үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэж хэлж болно.
Энэ бол манай нийгмийн, өнөөдрийн бидний үнэн дүр төрх. Зарим тохиолдолд юу яриад, ямар шүгэл үлээгээд байгааг, ямар үнэний араас яваад байгааг нь анзааран сонсохоосоо илүү, Мөнх-Эрдэнийн аашилж аяглаж байгааг харах гэж түүний лайвын өмнө бөөнөөрөө шавж байв.Үүнийг ч тэр өөрөө анзаарсан, тиймээс ҮНЭН-ийг амьдруулахын тулд өөрийгөө, үүрээ эвдэн ар, араас нь лайвдсан. Хэрэв Мөнх-Эрдэнэ хурц тод араншин гаргаагүй бол хүмүүс тэр олноороо лайвыг нь үзэх байсан уу? Эргэлзээтэй шүү, энэ бас үнэн. Гэтэл нөгөө Мөнх-Эрдэнэ маань хамгийн сүүлд Нямдорж болон түүний хүү Анхбаяртай холбоотой лайв хийснээсээ хойш гурав дахин баригдав, суллагдав, дахин баригдав.
Өнөөдөр түүний шүүх хурал болж байна. Эрүүгийн хуулийн 22.1, 24.1, 25.1 гэсэн зүйл заалтаар түүнд ял оноох гэж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан гэхчлэн шалтгаанууд энд бий. Гүүглдээд Эрүүгийн хуулийн энэ гуравхан заалтыг уншаад үзээрэй. Хоригдож байсан учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй, уншиж танилцах хугацаа олгоно уу гэж Мөнх-Эрдэнэ хэлээд барсангүй, шүүх хурал үргэлжилж байна.
За тэгвэл Хөх хотод консул байх үеийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байгаа бол эдийн засгийн мэдлэгтэй өмгөөлөгч авъя гэж Мөнх-Эрдэнэ саналаа хэлэв, бас л шүүгчид хүлээж авсангүй, шүүх хурал үргэлжилж байна. Мөнх-Эрдэнэ миний амьдралыг шийдэх гэж байгаа учраас өмгөөлөгч нэмж авмаар байна гэсэн боловч мөн л хариу байдаггүй ээ, шүүх хурал үргэлжилсээр л байна.
Өмгөөлөгч нь Мөнх-Эрдэнэтэй холбоотой 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулаад батлан даалтанд гаргах санал хэлсэн боловч бас л хана мөргөж байх шиг байна. Эцэст нь Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчөөсөө татгалзлаа. Гэсэн ч шүүх хурал үргэлжлэх янзтай. Заавал хорих ёстой юм шиг л авирлаж байна. Тийм ээ, түүнд алдаа бий, гэвч оносон, онохдоо сэдэв хөндөж, өөрчлөлт эхлүүлэх дохио өгсөн нь илүү олон бий.
Алдааны хувьд бол заавал арзалзуулж, алиатуулж байж бөөнөөрөө лайв үздэг бидэнд ч буруу бий. Уг нь ҮНЭН өөрөө алиалагчийн хувцасгүй, гоёлын шаахайгүй, алаг авиргүй байх учиртай юм, гэтэл мань ҮНЭН-ийг ааш араншин, хараал ерөөл, хар хандлагаар хачирлахгүй л бол бид анзаарч тоохоо больсонд бас учир бий.
Гэхдээ түүний алдаа, оноог эс тооцон өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн ямар нэгэн байдлаар Монголд үг хэлэх эрх, монголчуудад авилгачдын эсрэг, эрх баригчдыг сөрөн тэмцэх эрх үлдсэн үгүйг хэмжих хэмжүүр болчихоод байна. Тиймээс яг одоо Мөнх-Эрдэнийг бус, бидний үг хэлэх эрхийг шүүж буй юм. Нээрэн монголчууд үг хэлэх эрхтэй юү? Одоо болж буй шүүх хурал үүнд хариу өгнө, харъя, хамгийн анхдагч бөгөөд энгийн эрхээ бид эдэлж болох уу?