П.Сайнзориг: Т.Бадамжунайг авчрах тухайд ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА хийж байна
“Шувуу” ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар арваад хоногийн өмнө “…АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байгаа. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө. Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрэх байгууллагууд руу хүргэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байна. Нэмээд энэ хүмүүсийн санхүүжилттэй холбоотой, өөрсөдтэй нь хамаатай санхүүжилт, гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа, Монголд нээлгэсэн дансыг хаалгахыг үүрэг чиглэл болгож байна” гэж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Бадамжунайгийн сургийг Филиппинээс гаргасан, байршлыг нь илрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан юм.
Энэ талаар Хуульзүйн дэд сайд П.Сайнзоригоос тодруулахад “Тодорхой ажиллагаа хийгдэж байгаа. Цагдаа, АТГ-аас мэдээлэл хийх байх” гэх хариулт өглөө.
Харин АТГ-ын зүгээс “Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой тул прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй байна. Дараа нь албан ёсны мэдээлэл өгөх болно” гэлээ.
Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоожээ. Тиймээс “Шувуу” ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг барьж авчрахаар уржигдар Филиппин рүү ниссэн гэх мэдээлэл байгаа юм.
Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сард Замын-Үүдийн боомтоор “УАЗ-469” автомашинаар хил давсан байна. Түүнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгасаар байгаа. Удахгүй яллагдагчаар татах саналы прокурорт гаргах үндэслэл бүрдсэн бололтой.