Б.Тулгын туршлагыг үнэлсэн бол Х.Булгантуяаг эмэгтэй улстөрчийнх нь хувьд нийгмийн салбарыг хариуцуулжээ

Шинээр томилогдсон хоёр сайд УИХ-д тангараг өргөлөө. МАН-ын Удирдах Зөвлөл Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох шийдвэр гаргасан билээ. 

Тэдний томилгоог УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр “Жил гаруйн өмнө манай улсын эдийн засаг -4.7 хувь, төсөв 23 хувийн тасалдалтай, дараалсан өрийн дарамтад орсон, дампуурал зарлах уу  гэдэг сонголтын өмнө байсан.  -4.7 хувь байсан эдийн засаг сая төсөв хэлэлцэх  үед хасах  түвшнээс гарсан бол  одоо 4 хувийн өсөлттэй  явж байна.

Цаашид экспорт энэ хэвээр үргэлжилж чадвал 5-6 хувийн өсөлттэй гарах урьдчилсан прогноз байна. Энэ тоо улсын төсөвт хэрхэн нөлөөлөх вэ гэвэл 6-р сарын 1 гэхэд 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвлөсөн төсвөөс илүү гарах магадлалтай. Энэ амжилтаа хадгалж чадвал энэ  төсвийн жилийн төгсгөл гэхэд 1 их наяд  орчим төгрөгийн давуу төсөвтэй гарах боломжит нөхцөл байдал руу явж байна.

Мэдээж хуримтлагдсан санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Төсвөө сайжруулаад явах, давсан  орлогыг юунд зарцуулах вэ буюу  тодотгол хийх  гэсэн хоёр хувилбар бий. Экспорт болон бусад асуудал дээр тогтворжуулах хувилбарыг олон улсын болон банк санхүүгийн  байгууллагуудтай нягталж үзэж байгаа. Эцсийн дүгнэлт 5-р сарын сүүл гэхэд эцэслэн гарах урьдчилсан хүлээлттэй байна. Энэ үед боломжит санхүүг цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулах уу, эсвэл бүтээн байгуулалтад зарцуулах уу, төсвөө сайжруулаад явах уу гэдгийг Засгийн газраас нээлттэй УИХ-д оруулж ирнэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад дэмжсэн Х.Булгантуяагийн  хувьд энэ салбарыг эмэгтэй улстөрч авч явах нь зүйтэй гэж үзсэн.  Нийгмийн  тулгамдсан асуудлууд хамаардаг салбар.

Эдийн засгийн 3 коридортой холбоотой асуудал дээр Б.Тулгыг залуу хүний хувьд томоохон дэвшил гаргах боломжтой гэж үзэж байгаа.Хийн хоолой, бусад улсууд эдийн засгийн бодлогоо шинэчлэн  зарлаж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын Ажлын албанд ажиллаж байхдаа тухайн үеийн гэрээ контракт дээр ажиллаж байсан туршлага нь ажлыг хурдтай урагшлуулахад  дөхөм болно гэж  үзээд дээрх албан тушаалын томилгоог хийсэн” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *