Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн хэд хоног Т.Бадамжунай гэдэг хүнийг өрөвдөж хөөрхийллөө, тэд биднийг өрөвдөөгүй шүү
Шинээр томилогдсон хоёр сайд УИХ-д тангараг өргөж байна. Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох захирамжийг Ерөнхий сайд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тооцож, тогтоодог болох асуудлыг ярьж байгаа. Та энэ асуудлыг дэмжээрэй. Хамгийн их хохирдог нь эмэгтэйчүүд байдаг. Сангийн яаманд ажиллаж байсан учраас яаж мөнгө хэмнэх вэ гэдгийг бодох байх. Хүүхдүүд, ээжүүдээс мөнгө битгий харамлаарай. Эрэгтэй улстөрчид яаж мөнгө хулгай хийх вэ гэдгийг тооцоолсон байдаг.
Мөнгө бол байгаа. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсээ зоригтой хамгаалж, ажиллаарай гэж хүсэж байна. Гэр бүлийн тухай хуульд хоёр, гурван хүүхэдтэй бол яаж дэмжихийг тодорхой болгомоор байна” гэх асуулт тавьсан.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болчихоод байна л даа. Д.Бат-Эрдэнэ рүү дайраад яах вэ, Т.Бадамжунайг барьж хориод яах гэсэн юм бэ гэдэг зүйл сүүлийн хэд хоног яригдлаа. Ийм зүйлд битгий итгээрэй гэж иргэдэд уриалмаар байна.
Авлигачид биднийг өрөвдөөгүй шүү. Нүүрсний хулгайч нарын эсрэг тэмцэх нь буруу гэсэн мессежийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэйгээр, зохион байгуулалттайгаар түгээлээ. Та бүхэн үүнд битгий автаарай. Хөшигний ард юу болж байгааг ард түмэн харж байгаа. Засгийн газар авлигатай тэмцэх үүрэгтэй. Системийн авлигын эсрэг тэмцлээ бид үргэлжлүүлнэ. Бид авлигаасаа салах ёстой. Хачигтай мал шиг байсаар байх уу? Авлига салбар бүрд байна. Улс төржиж болох ч ийм асуудлаар улс төржимгүй байна.
Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой. Тэр Т.Бадамжунай гэдэг хүн яасан ч бяртай юм, ямар ч олон хүнээр яриулдаг юм Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина” хэмээн байр сууриа илэрхийллээ.