|

Ү.Оюунзул: 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “KFC land” тохижилт нийслэлийн өмч болно

“Таван богд пүүдс”  ХХК-ийн  KFC  сүлжээ хоолны  газар нь 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC land-Аз жаргалын хотхоны тохижилтын ажлыг эхлүүлжээ. Эл үйл явдалтай холбогдуулан нийгмийн сүлжээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэх нь гэх шүүмжлэл явж эхэлсэн юм.  Тэгвэл дээрх асуудлаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас  албан ёсны мэдээллийг  өөрийн сошиал хуудсаараа дамжуулан өгчээ.
Тохижилтын хүрээнд  дараах ажлууд хийгдэх  аж. Үүнд: 
1. Манай нийт 973 га талбайн эхний ээлжийн 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан бөгөөд төлөвлөлтийн дагуу тус төсөл нь тохижилтын даалгавар бүхий газрын 1,1 га талбайд хэрэгжинэ.
2. Нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөлттэй маань уялдуулан хөрөнгө оруулалт хийж мод тарих, тохижилт хийх санал санаачилгыг нээлттэйгээр хүлээн авдаг бөгөөд хэрэгцээ шаардлага, гүйцэтгэлийн чанарыг харгалзан хамтран ажиллах байгууллагуудаа сонгодог зарчмаар KFC сонгогдсон.
3. KFC-тэй тус төслийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ Монгол улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-той холбоотой дүрэм, журмуудыг мөрдсөн бөгөөд барилга байгууламж барихгүй байх, хөшөө дурсгал барихгүй байх, хоол, үйлчилгээ явуулахгүй байх зэрэг харилцааг бүрэн зохицуулж, тус ажлын 2023.05.20-ны өдөр дууссаны дараагаар манайх арчилгаа, хамгааллыг нь хариуцаж, нийслэлийн өмчид хүлээлгэн өгч ажиллах тухай тусгасан.
4. Энэхүү төсөл олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд KFC төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээ гарган 3 компанийг сонгон манай архитектор, инженерүүдтэй зөвлөн гүйцэтгэлээ хийж байна.
5. “KFC LAND – Aз жаргалын хотхон” төслийн хүрээнд хийгдэх тохижилтын хүрээнд 32 ажил хийгдэх бөгөөд хүүхэд, гэр бүл, ахмадууд, залуучууд, тусгай хэрэгцээт хүмүүс эрүүл эко орчинд амарч, зугаалах нөхцөлийг нь бүрдүүлсэн цогц шийдэл бүхий зургийн дагуу ажил хийгдэнэ.
6. Иргэдийн хамгийн их хүсдэг зүлэг бүхий талбай болон ногоон байгууламжийг бүтээж, мод тарих бөгөөд усалгааны системтэй шийдэж өгч байгаа нь оновчтой гүйцэтгэл болно гэж харж байна.
7. Ковид 19 цар тахлаас хойш “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г тогтмол зорих иргэдийн тоо нэмэгдсэн бөгөөд манай талбай дээр одоо байгаа тоглоомын талбай, спортын талбай болон бусад тохижилт иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцдэггүй. Ийм хэрэгцээ шаардлага байсан нь тус төслийг дэмжих чухал шалгуур болсон.
Эцэст нь нийслэлийн иргэдийн ундны эх үүсвэрийг хамгаалан, нөхөн сэргээн ногоон байгууламж бүтээж, иргэдийн амарч зугаалах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа манай хамт олонтой үзэл бодол, үйл хэргээрээ нэгдэх хэний ч өмнө үүд хаалга маань нээлттэй гэдгийг дахин хэлье” гэжээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *