|

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар Ц. Наран-Учралыг томиллоо

Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын ээлжит хурлаар Удирдах зөвлөлийн дарга Аръяасүрэн овогтой Батболдын сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож, Цэдэв овогтой Наран-Учралыг хуралд оролцогчдын 80 хувийн саналаар Удирдах зөвлөлийн даргаар нөхөн сонголоо.

Ц.Наран-Учрал нь ажлын гараагаа 2010 онд “Нортенсек ҮЦК” ХХК (“Ард Капитал Групп ҮЦК” ХХК)-д шинжээч, гадаад арилжааны дилерээр эхлүүлж байсан бөгөөд Нэйшнл сэкюритис ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал болон Бумбат-Алтай ҮЦК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж ирсэн туршлагатай.

Энэ хугацаанд үнэт цаасны зуучлал, нээлттэй болон хаалттай хөрөнгө босголтын ажил удирдах, хөрөнгө санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, олон улсын бирж дээр үнэт цаас гаргах үйл ажиллагаанд оролцож, удирдлагаар хангаж ирсэн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн юм.

Ц.Наран-Учрал нь өдгөө “Ди Эйч Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар болон Австрали улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “TMK ENERGY” (ASX:TMK) компанийн охин компани болох “Тэлмэн Ресурс” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлыг хавсран гүйцэтгэдэг. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Түмэн шувуут” ХК болон “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Иймд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд Ц.Наран-Учрал захирлын мэдлэг туршлага, удирдах арга барил, үүрэг, оролцоо ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг Удирдах зөвлөл болон хамтран ажиллагсад нь онцолж байна. Холбооны нийт гишүүдийн өмнөөс Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Ц.Наран-Учралд ажлын өндөр амжилт хүсье.

Холбоог 1995 оноос хойш амжилттай удирдан байр сууриа бэхжүүлэхэд том хувь нэмэр оруулсан үе үеийн Удирдах зөвлөлийн дарга нартаа талархал илэрхийлье.

Холбоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ) юм. Үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, үнэт цаасны зах зээлийн бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилго дор өдгөө 71 байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагааг явуулж байна.

Холбоо нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд Биржийн бус зах зээлийг 2021 оны 9 дүгээр сарын 7-нд амжилттай эхлүүлсэн бөгөөд одоогоор шууд оролцогчдын тоо 29 болж, 75 үнэт цаас гаргагчийн 1.5 их наяд төгрөгийн 95 өрийн хэрэгсэл бүртгэгдээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *