|

“Фокус” ТББ-ын захирал Б.Туяаг тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр өргөн мэдүүлснээс хойш идэвхижин гарч ирсэн байгууллага  бол “Фокус” гэх төрийн бус байгууллага. Бадарчийн Туяа гэх эмэгтэй тэргүүнээр нь ажилладаг энэ ТББ-ын зүгээс “электрон тамхи хортой, янжуур тамхи бол ургамалын гаралтай” гэх агуулгаар нөлөөллийн ажлууд хийж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ “Манай ТББ Блүмберг пилантропис гэх олон улсын  компанийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг” гэдгээ зарласан юм.

Тухайн “Блүмберг пилантропис” гэх компани нь АНУ дахь янжуур тамхи үйлдвэрлэгчдээс татвар авч, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлуулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг дэлхий дахинаа явуулдаг бөгөөд тодруулбал, дэлхийн 150 гаруй оронд “Тамхигүй хүүхэд” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Тус байгууллагын албан ёсны цахим хуудас дахь мэдээлэлд “2022 онд дэлхийн 150 оронд ухуулга, нөлөөллийн аянг зохион байгуулсан. Үүндээ 1.7 тэрбум доллар зарцуулсан” гэдгээ тайлагнажээ.

Харин ийм байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг “Фокус” гэх ТББ-ын тэргүүн Б.Туяа “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн төслийн Ажлын хэсгийн гишүүнээр орсон нь уг хуульд гадны байгууллага аль хэдийн өөрийн “гараа” шургуулж, эрх ашгаа хамгаалуулаад эхэлсэн нь харагдана.

 

Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн жил Бельги улсад болсон олон улсын хуралд “Фокус ТББ-аас УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг санхүүжүүлэн оролцуулсан” гэдгээ хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн юм. Харин М.Оюунчимэг гишүүн “Би тийм байгууллага мэдэхгүй, тийм хуралд оролцоогүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан нь “Яагаад худал ярих болов” гэсэн хардлагыг ч илт үүсгэв.

 

 

Зургийн тайлбар: 2021.05 сард Бельги улсад болсон Европын бүсийн хуралд М.Оюунчимэг гишүүн оролцсон үеийн зураг 

М.Оюунчимэг гишүүний тухайд УИХ-ын чуулганы үеэр “Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төслийг яаралтай чуулганд оруулж ир” хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болгож байсныг уншигч та санаж буй биз ээ. Эндээс харвал санхүүжилтээр нь Бельги яваад ирсэн М.Оюунчимэг гишүүн МУ-ын парламент дахь “Блүмберг пилантропис” гэх гаднын компанийн “төлөөлөл” болсон байж болзошгүй нөхцөл байдал ч нэгэнт бий болоод байна.

Энэ бүхний ард “янжуур тамхи бол ургамалын гаралтай” гэх далд сурталчилгааг нийт хүн ам, бүр хууль батлагчдад ухуулж буй “Фокус” ТББ-ын тэргүүн Б.Туяаг харин Тагнуулын ерөнхий газар шалгаад эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Гадны байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг, ашиг сонирхлын өндөр зөрчилтэй Б.Туяа гэгчийг харин “Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төслийн Ажлын хэсгийн гишүүнээр байлгаад л байх уу гэдэг нь ЭМ-ийн сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарын асуудал болж байна.

Манай улсын иргэд жилд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи татдаг ба зүрх судасны өвчнөөр жилд 5500 иргэн амь насаа алдаж байна…

Эх сурвалж: цахиур.мн 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *