Солонгос хүүхдүүд Монголоор аялж, монгол соёл, ахуйтай танилцана
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мод тарих, байгалиа хайрлан хамгаалах талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгох зорилгоор БНСУ-ын сурагчдыг Монголд аялуулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, БНСУ-ын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд экологийн боловсрол олгох аялал зохион байгуулдаг “Миний ногоон” судалгааны төвийн тэргүүн На Ми Э “Хашаандаа мод тарьж эхэлье” хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр:
-БНСУ хүүхэд залуустаа өөр соёл, өөр улсын түүх, ахуйг сурталчлан таниулахад анхаарал хандуулдаг. Энэ хүрээнд Япон, Вьетнам, Камбож зэрэг Азийн орнууд руу танин мэдэхүйн аялал зохион байгуулдаг. Энэ удаад бид солонгос хүүхдүүдийг Улаанбаатар хотод аялуулж, нүүдэлчин ахуй соёлыг таниулах, нөхөрлөл тогтоох хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд долоо хоног бүр 100-400 солонгос хүүхэд ирж, монгол соёл, ахуйтай танилцах боломжтой. Мөн Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчидтай танилцан нөхөрлөж, хамтдаа мод тарих юм. Түүнчлэн гэрийн нөхцөлд хялбархан ургуулж болох хүнсний ногооны үрсэлгээг тэд монгол найзууддаа бэлэглэнэ. Эх дэлхий, байгалиа хайрлах сэдлийг төрүүлэх, хамтдаа мод тарих, өөр орны соёлтой танилцах гэдэг утгаараа энэ хөтөлбөр үр өгөөжтэй, сурах зүйл ихтэй байна гэж найдаж байна гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Улсынхаа түүх соёлоо таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажилладаг. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлахад суралцаж, монгол, солонгос хүүхдүүд хамт мод тарина гэдэг сайхан санаачилга. Улаанбаатар хотын зүгээс тус арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн хэмээлээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт аялан ирэх солонгос сурагчдын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг тэрбээр мөн онцолсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС