Б.Цэнгэл: “Цемент шохой”-д шуурхай ажлын хэсэг томилсон, Л.Наранбаатарыг огцруулах эсэх нь ТУЗ-ийн мэдлийн асуудал
Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарыг ажлаа хангалтгүй хийж байна, аудитын дүгнэлтээр санхүүгийн зөрчил илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүний дараа Л.Наранбаатар хэвлэлийн хурал хийж ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийн гишүүдийг зарласан юм. Үүнтэй зэрэгцэн “Цемент шохой” ТӨХК-ийн инженер, ажилтнуудын төлөөлөл гэх хүмүүс Улаанбаатарт ирж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шаардлага хүргүүлсэн. Өрнөж буй үйл явдалтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-“Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдын төлөөлөл тантай уулзсан гэсэн. Ямар шаардлага тавьсан бэ?
-Өчигдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн төлөөлөл надтай уулзаж хэд хэдэн хүсэлт тавьсан. Үүсээд буй нөхцөл байдлын тухай харилцан санал хуваалцсан. Тавьж буй шаардлагыг багцлаад хэлбэл, нэгдүгээрт Л.Наранбаатар гэж хүн томилогдож ирснээс хойш үйлдвэрийн ажил сайнгүй байна, алдаа дутагдал их гаргаж байна, санхүүгийн зөрчил их байна, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдахад хүрч байна. Иймд Л.Наранбаатар гэдэг хүний ажлыг дүгнэж өгөөч гэх агуулгатай шаардлага. Хоёрдугаарт Аудитын ерөнхий газрын шалгалтын дүгнэлттэй холбоотой асуудал. Хангалтгүй үнэлгээ авсан асуудалд ТУЗ хуралдаж арга хэмжээ авахыг шаардсан. Үйлдвэрчний эвлэлийн дарга, цехийн удирдлага, инженерүүд, ХАБ мэргэжилтнүүд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлснийг хүлээн авсан.
-Нөгөө талд ТУЗ-ийн гишүүдийн эс үйлдэхүй, ашиг сонирхлын зөрчлийн талаар ярьсан. Үнэхээр ажил гацаадаг, ашиг сонирхлоо тулгадаг асуудал байгаа бол ноцтой биз дээ?
-Үйлдвэр төрд шилжиж ирснээс хойш бид хуулийн дагуу ТУЗ байгуулан ажиллаж байна. ТУЗ нь холбогдох яамдын төлөөлөл бүхий гишүүд, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдсон хараат бус гишүүдээс бүрддэг. Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхайн яам зэрэг холбогдох яамдын хариуцлагатай албан тушаалтнуудын төрийн төлөөлөл хэрэгжүүлдэг. ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнийн хувьд “Хөтөл”-ийг төрд авах Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүн. Энэ хүнийг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг хэрэгжүүлэх хүрээнд ТУЗ-ийн даргаар томилсон. Хуулиараа өмчийн эзэн төрийн өмчийн төлөөлөгчийг томилдог, сонгож шалгаруулдаг. ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой асуудалд өөрсдөө мэдээлэл өгөх байх.
-ТУЗ-ийн гишүүн З.Энхболд үйлдвэрт маск шахсан гэдгийг ил тод хэлсэн. Энэ асуудалд ямар тайлбар хэлэх вэ?
-Тэр хүн маск шахаад компани худалдаж авсан нь үнэн бол бүгдээрээ гэмт хэрэг. Тэр бол цэвэр хүмүүсийн ёсзүйн асуудал. ТУЗ хуралдаад асуудлаа нэг талд гаргах ёстой.
-Үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байхад сайн талыг нь ярихгүй, хэдэн зөрчил яриад байна гэж тайлбарласан ?
-Аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь үзвэл бүх зүйл тодорхой харагдах байх. Ямар санхүүгийн зөрчил гаргасан, ямар хууль тогтоомж зөрчсөн, ямар асуудалд анхааралгүй явсан гэх зэрэг. УИХ-ын дэргэд ажилладаг, өөрсдийн хуультай, хөндлөнгийн бие даасан шалгалтыг явуулдаг эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтийг бид ямар нэг байдлаар зөв, буруу гэж дүгнэх эрхгүй. Тиймээс Аудитын байгууллагын дүгнэлт тэр хэвээр явна. Өчигдөр миний бие ТУЗ-д удирдамж хүргүүлсэн. Ойрын үед ТУЗ хуралдаж, үүсээд буй нөхцөл байдалд арга хэмжээ авна.
Ер нь үйлдвэрийн төлөөлөл, Л.Наранбаатар захирлын ярьж буй мэдээлэл, тоо баримт зөрүүтэй байгаа. Тиймээс өнөөдрөөс “Хөтөл”-д хоёр өдөр ажиллана. Би хамт явж газар дээр нь ажиллана.
Л.Наранбаатар захирал ажиллах хугацаанд 400 мянган тн цемент үйлдвэрлэсэн. Өмнөх хүчин чадлаас дээд рекорд тогтоосон. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулаагүй зорилтот түвшинг ханган биелүүлж чадсан. Цементийн үйлдвэр зөвхөн цемент бус шохой үйлдвэрлэдэг. Жилд 50 мянган тн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай боловч хэзээ ч энд хүртэл ажиллаж байгаагүй. 1984, 1985 оны үеийн техниктэйгээ, шинэчлэгдээгүй. Үйлдвэрийг сайжруулахын тулд Эрдэнэт үйлдвэртэй хамтарч технологийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Хүнийг шүүмжилж болно. Л.Наранбаатарт авах ч зүйл бий. Гэхдээ бид бодитоор хандах ёстой.
-“Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга Б.Буянхишиг нь байгаль орчны мэргэжилтэй. Энэ үүргийг санхүүгийн нарийн мэргэжилтэй хүн хийх ёстой гэдэг зүйл яригдсан?
-Энэ асуудлаар ТУЗ-өөс асуух хэрэгтэй. Таны ярьж буй агуулга Л.Наранбаатарын зүгээс өгч буй мэдээлэл. Засгийн газар хоёр журам баталсан. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ болон хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулна гэх журам батлагдсаны дагуу мөрдөгдөж эхэлж байна. Яг энэ журмын дагуу ТУЗ шинэчлэгдэн байгуулагдана. Нийтэд нээлттэй ил тод зарлаад, материалыг аваад явна. Тиймээс энэ журмыг хэрэгжүүлээд явна.
-Таны ярьж байгаа журам бол саяханаас мөрдөж эхэлсэн. Өмнө нь Хөтөл дээр байгуулагдсан ТУЗ чухам ямар зарчмаар явчихав, шалгуур шаардлага хангаагүй хүмүүс орчихсон юм бишүү гэдэг асуултыг тавиад байгаа юм?
-ТУЗ-ийн гишүүдийг шаардлага хангаагүй гэж хэлэхгүй. Бид материалыг авч үзсэн. Хэрэв асуудал байвал шалгуулах бүрэн эрх бий. ТУЗ эсвэл Л.Наранбаатар аль нь зөв яриад байгааг дүгнэх хэрэгтэй. ТУЗ муу ажиллаж байгаа гэж би бодохгүй байна. Ажлаа хийж байгаа. ТУЗ гүйцэтгэх удирдлагаа шахаж ажиллаж байгаа. ТУЗ-ын шаардлагыг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өөрийгөө хамгаалсан мэдэгдэл хийж байгаа. Үнэн бодит байдлыг бид мэдээлэх болно.
-Л.Наранбаатар захирлыг өөрчлөх асуудал яригдах уу?
-ТУЗ-ийн мэдлийн асуудал. Зорилтот түвшинг нь үнэлж дүгнэнэ.
-Цемент шохой ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэх үү?
-Одоо байгаа ТУЗ-ын гишүүдийг журмын дагуу сонгон шалгаруулна. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явна. Түүнээс шууд халж, огцруулахгүй.