Хотын стандартыг танилцуулж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавина
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хууль, норм, дүрэм, батлагдсан хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газраас 4 дүгээр сарын 12-нд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг өгч байна.
Уулзалт 4 дүгээр сарын 13-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/242-р захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд:
- Барилга
- Дэд бүтэц
- Байгаль орчин
- Хот нийтийн аж ахуй
- Худалдаа, үйлчилгээний салбарыг хамруулан энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм.