ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийлээ
УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан тул сайдынхаа суудлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан. Улмаар тэрбээр сайдын суудлаасаа буусан юм. Тэгвэл түүний гэр, ажлын өрөөнд нэгжлэг хийлээ. Өглөөний 09:00 цагаас эхэлсэн нэгжлэгийн ажиллагаа 13:00 цагт дууссан байна. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх боломж байхгүй” гэдгийг нэгжлэг хийсэн албаны хүмүүс мэдээллээ.
Тэрбээр сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгөх үеэр ийн хэлж байв.
“Өөрийнхөө хүсэлтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Тодорхой хэрэгт холбогдуулан өнгөрсөн гурван сарын турш нийгмийн сүлжээгээр миний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг, дайралтууд ирлээ. Янз бүрийн хүмүүс үүнийг зохион байгуулсан. Захаасаа зарим нь ил болж байна. Хөрөнгө мөнгө их гаргасан. Олон нийтийн мэдээлэл дээр үндэслээд прокурорын байгууллагаас надад хэрэг үүсгэсэн. Миний зүгээс энэ асуудлаар удаа дараа мэдээлэл хийсэн байгаа.
Нүүрсний хулгайн хэрэгт миний хувьд ямар ч холбоогүй. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэдэг бүлэгт холбогдуулсныг ямар ч баримт нотолгоогүй зүйл гэж үзэж байна. Өмнө нь зохиомол хэрэг гэж сонсож байсан учраас үүнийг үзээгүй. Тиймээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.