|

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Уг тогтоолд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэг хамаардаггүй юм.

Сүүлийн жилүүдэд тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа ч суурьшлын бүсэд мал малладаг иргэд малаа хариулгагүй явуулснаас ногоон байгууламж гэх мэт хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг эвдэн сүйтгэх зөрчил гарах болжээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд дээрх дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг батлах  хүсэлт ирүүлсэн тул ийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Налайх дүүргийн хориглолт тогтоохоор төлөвлөж байгаа бүсэд 104 өрх 2,500 толгой малтай. Багахангай дүүргийн хувьд хоёр хороотой. Мал малладаг 102 өрх байдаг. Жилийн эцсээр  26 мянга гаруй мал тоологджээ.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээ дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *