ХУД дэх цагдаагийн газарт эрүү шүүлт тулгахгүй байх мэдэгдэл хүргүүлэв

Прокурорын байгууллага энэ сарын 10-14-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 401 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

  • Тээврийн прокурорын газраас “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ийн жолооч А нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт “Зорчигч тээвэр-3” ОНААТҮГ-т;
  • Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ё нь бусдад эрүү шүүлт тулгаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт;
  • Орхон аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг судлан үзэхэд Яргуйт багийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа болох нь тогтоогдсон байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцлийг арилгуулахаар тус багийн засаг даргад;
  • Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн байгаль орчны газрын захиргааны хэлтэст байгаль хамгаалагч Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан хуулийн этгээдийн зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Нийслэлийн байгаль орчны газарт;
  • Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнууд ашиг сонирхлын үүднээс иргэн О-д өөр хүний зурагтай гадаад паспорт олгож, хахууль авсан гэх хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Эх сурвалж: УЕПГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments