Хүүхдийн аутизмын оношилгооны төлбөр 120,000 төгрөгийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хариуцна
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоо 120,000 төгрөг байхаар зохицуулсан.
Ингэснээр аутизмын оношилгоог Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас бүрэн хариуцахаар болсон. Харин Монгол Улсад түр болон урт хугацаанд оршин суух эрхтэй бусад улсын хүүхэд энэхүү тусламж, үйлчилгээг хамтын төлбөртэйгөөр буюу нийт зардлын 30 хувийг төлнө хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Аутизмыг таниулах сар” болгон зарласан. Аутизмыг эрт илрүүлж, тусламж дэмжлэг авах нь хүүхдийн цаашдын хөгжилд маш чухал байдаг тул бага насны хүүхдэд илэрч болох үндсэн шинж тэмдгүүдийг ээж аав бүр анхаарч, хүүхдээ ажиглаж, санаа зовох зүйл байгаа бол эмчид хандахыг Монголын Аутизмын холбооноос зөвлөж байна.
Дараах шинж тэмдгүүд хүүхдэд тань илэрч байвал мэргэжлийн хүмүүст хандах шаардлагатай.
- Нүд рүү эгцэлж харахгүй байх
- Дуудахад сонсоогүй мэт байх
- Хэл яриа, эсвэл дохиогоор харьцахгүй байх
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тоглохгүй байх
- Давтамжтай үйлдэл хийх
- Гараа сэгсрэх, өлмийдөж явах, байран дээрээ эргэлдэх
- Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт хөдөлгөөнгүй байх
- Нэг зүйлийг хэт сонирхож туйлшрах
- Зарим дуу чимээнд дургүйцэж айх