Р.Дагва: Зам бус гэр хороололд сургууль нэмж барьснаар түгжрэл 16 хувиар буурна
Түгжрэлийг бууруулах хүрээнд их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэх саналыг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс дэвшүүллээ.
Учир нь оюутнууд хичээлдээ явахын тулд өглөө бүр хотын бүх хэсгээс Бага тойргийг зорьж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байгаа гэв. Иймд сургуулиудыг нүүлгэж, оюутнуудыг дагасан худалдаа үйлчилгээ, кофе шоп зэрэг бусад бизнесийн байгууллага хотын төвөө нүүвэл хөдөлгөөн ихээхэн сарнина хэмээн үзсэн байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва:
“Нийслэлийн хойд гэр хорооллын хэсэгт нийт 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий. Тэдгээрт 93 мянган хүүхэд суралцаж байна. Гэтэл тухайн хэсэгт сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Түүний 93 мянга нь 60 сургууль сурч байгаа бол 91 мянга нь хотын төв рүү өглөө бүр сургуульдаа явж байна. Гэр хорооллын хэсэгт дахин сургууль нэмж барих шаардлагатай. Түгжрэлийг бууруулахад замыг уртасгах, гүүр барихаас илүү боловсролын салбарт хийх шинэчлэлийн алхам чухал байна гэдэг судалгааны дүн гарсан. Тус бүр нь 960 хүүхдийн суудалтай 52 сургууль баривал 540 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэвэл замын хөдөлгөөний түгжрэл 16 хувиар буурна” гэв.