С.Амарсайхан: Манай эхнэр надтай ч уулзалгүй тусгаарлагдсан
Эхнэр нь халдварын үеийн хууль дүрмийг зөрчиж, тусгаарлалтаас гарсан гэсэн мэдээллээс үүссэн асуудалд Шадар Сайд С.Амарсайхан тайлбар хийлээ.
Тэрээр “Өчигдөр буюу 3 дугаар сарын 31-ний өдөр надаас хэвлэлийн байгууллагууд хэд хэдэн тайлбар хийхийг хүссэн. Тухай бүрт нь товч хариулж байсан ч өнөөдөр дэгсдүүлэл, гуйвуулалт ихсээд байгаа тул тайлбар хийж байна.
Манай эхнэрийн аав ээж хоёр 90 гаруй настай хоёр ахмад настан хаанаас мэдэгдэхгүй байдлаар халдвар авсан байхад нь дам хавьтагч болсноор тухайн газраа тусгаарлалтад орсон. Бүх зүйл заавар зөвлөгөөний дагуу явагдаж байгаа.
Одоо 4-5 хоногийн дараа тусгаарлалтын хугацаа нь дуусах гэж байна. Гэртээ харьж, гадагшаа гарсан, зөрчил үүсгэсэн асуудал болоогүй гэдгийг хариуцлагатай хэлж байна.
Өнгөрсөн хугацаанд эмч, эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний дагуу тусгаарлалтын хугацааг богиносгож, өөрчилсөн. Үүнээс өмнө болсон эмгэнэлтэй асуудлуудад харамсаж байна.Алдаа дутагдлаа засч, хамгийн сайн, хамгийн уян хатан нөхцлийг үүсгэх гэж хичээж ажиллаж байна” гэлээ.